Ер бусаар чамайг чагнахад ... ...

Миний

Нүднээ оддын туяа тунарч

Харцанд саран гэрэл асаана

Чихнээ ертөнцийн чимээ ер бус шуугиж

Сэтгэлд наран дэндүү шинэхэн ургана

Би

Туяа тунарсан нүдээ өргөж

Гэрэл ассан харцаа тогтоон

Наран ургасан сэтгэлээ урсгаж

Ер бусаар чамайг чагнахад

Чи

Орчлонгийн босгоор ондоо алхаж

Зах хязгааргүй гүн рүү өнгийж

Од шүүрэлгүй гайхширч хоцрохдоо

Зүрхэндээ намайг атгах   биз ээ...

 

 

 

Консуэло л гэж бодном

                              For my Gerda

Түүнийг би үргэлж таашгүй

Тэгээд Консуэло л гэж бодном

Түүний нууцлаг ертөнцөд

Би  дураар амьдарч

Түүний чимээгүй харцанд

Би нуугдан байдаг

 

Тэр миний гэсэн бүхнийг хайрлах

Тэр надаас илүү намайг  мэдрэх

Тэр яаж ийн чаддаг болохыг

Тэнгэр л магад тайлж хэлэх

Түмэн зүсийн айдастай тулан

Тэсэшгүй хэмээн бодогдох авч

Түүний дотор л би тайван орших

 

Түүний нүднээс би шинээр төрөхдөө

 Түүнийг  би Консуэло л гэж  бодсоор... ...

                            ***

                                                                               "There is only one happiness in life,

                                                                                     to love and be loved."

                                                                                                George Sand       

Шөнийн аялгуу

Сарыг тольдохуй

Сарнаас аялгуу урсаад л

Санааширсан сэтгэлд

Тайвшрал тусна

Оддын очисоор

Үдшийг дүрслэхүй

Оддын түрлэгээс

Цэнхэр хөвсөлзөнө

Шөнийн диваажинд

Үдшийн хэмнэл орчилдож

Шүргээд өнгөрсөн хэдий ч

Үгүйлэгдсээр байгаа тэр л мэдрэмж

Сэмхэн дээрээс цагаахан хаялж

Сэтгэлийн гүн дэхь гуниг хорооно

***

Эгэл, танил бүхнээ хэнэггүй орхиод

Эгэл бус зүг рүү нисэн одмоор оо...

***

 

Тэр хайр

Дурлал над руу нүд ирмэсэн үдшүүдээс

Дурсамж дусалсаар сэтгэлд минь үерлэхэд

Дуугүйхэн зогсож догдлолоо дэмий л нуусан

Дэндүү гэнэн явсан он цаг мэдрэгдэнэ

Дутуу амссан дарсны лонх гунигаар дүүрчээ


Аз жаргал дэргэд минь хоносон өдрүүдээс

Агшин бүрийн үзэгдэл нүднээ шивэрч

Алдаа амтагдсаар зүрх хөндүүрлэнэ

Ай үггүйхэн ичиж чамайг би таниагүй

Ахин учрах тавилангийн үүд хаалттай!!!


Хаанаас ирээд хэзээ буцсан тэр хайр?

Хаашаа одож хэзээ ирэх тэр хайр?

 

(Нийт: 4)